Тэргүүлэх чиглэл
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг үр
дагавараас шалтгаалан байгаль орчин доройтон бохирдож, байгалийн нөөц баялаг хомстож,
экосистемийн тэнцвэр алдагдагдаж байгаа нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал
болоод байна.
Дорноговь аймгийн гадаргын усны нөөц 0,05 км2
/жил, газрын доорх усны нөөц 0.01
км2
/жил гэж тогтоогдсон байдаг. Газар доорхи усны их нөөцтэй боловч гадаргын усны сүлжээ
байхгүй, түр зуурын ус урсах хуурай сайрууд түгээмэл, техтоник хагарлын шугам ба ан цав
дагаж ил гарсан цөөн тооны булаг шанд, баян бүрд, нуур тойрмууд бий. Говийн бүсэд ашигт
малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болох хандлагатай
байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангаж чадахгүй усны хомсдол нүүрлэх, улмаар
үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч байна.
Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 2020 оны байдлаар ашигт
малтмалын хайгуулын (142) болон ашиглалтын (195), нийт 337 тусгай зөвшөөрөл хүчин
төгөлдөр байгаа нь аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 10.1 хувийг эзэлж байна.
Судалгаагаар уул уурхайн үйл ажиллагаанаас 916.2 га талбай эвдрэлд орж, орхигдсон 198.2
га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, байгалийн ашигт ургамлын ахуйн болон
үйлдвэрлэлийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд
байгалийн баялгийг түүж бэлтгэх нь улам ихэссээр байгаа нь биологийн олон янз байдлын
тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна.
Аймгийн хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 1.06 хувийг ойн сан бүхий газар эзлэх бөгөөд
иргэд заган ойг түлшинд хэрэглэх, худалдан борлуулах зэргээр ойн нөөцөд сөрөг нөлөө
үзүүлж байна. Иймд ойн нөөцийг нэмэгдүүлж, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх шаардлагатай.
“Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хууль, засгийн газрын 2014 оны 43
дугаар тогтоолоор батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд
зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ын хэрэгжилт
сүүлийн жилүүдэд хангалтгүй байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн
18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтад заасны дагуу зарцуулахад анхаарах нь зүйтэй.
2020 онд орон нутгийн төсөвт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 443 сая
төгрөг төвлөрч, 2021 онд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд 380,7 сая төгрөг
зарцуулахаар батлагдсан.
Аймгийн хэмжээнд бүртгэлтэй 1 тур оператор компани, 20 зочид буудал, 15 дэн буудал,
6 жуулчны бааз, 3 амралтын газар, 3 сувилалын газар, 20 гэр буудал үйл ажиллагаа
явуулдаг.
Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг цар тахлыг
эрсдэл багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах,
бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, гадаад, дотоодод сурталчлах замаар жуулчдын
урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
